“ISO/IEC 17025:2017 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” сэдэвт сургалт боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн Агро бизнесийн салбарын жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэхэд баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулах зорилготой хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах 3-р бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх саналыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д тавьсны дагуу холбогдох техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төв (СХТ) болон Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХолбоо)-той хамтран “ISO/IEC 17025:2017 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” сэдвээр олон улсын сургалтыг СХТ-ийн болон арьс шир боловсруулах үйлдвэр, түүнчлэн Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лабораторийн мэргэжилтнүүд, шинжээчдэд 2022 оны 7-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
ISO/IEC 17025 стандартын сургалт нь сорилт, шалгалт тохируулгын лабораторийн ур чадварт тавигдах шаардлагын талаар мэдлэг олж авахад туслах, ISO17025 стандартын шаардлага, хэрэгжилт болон лабораторийн итгэмжлэлийн үйл явц нь менежментийн тогтолцооны бусад стандартуудтай хэрхэн холбогдож байгаа талаар ойлголттой болох зорилготой юм.
Оролцогчид сургалтын үеэр ISO/IEC 17025 стандартын бүх заалтуудтай танилцахын зэрэгцээ дасгал ажлаар дамжуулан стандартын талаар бодит ойлголттой болно.